Б.ХИШИГЖАРГАЛ: УНТЭ 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн нэмэлт цалин, урамшууллыг олгосон

2022-03-06 176 1

-Ковидын хүндхэн жилүүдэд лавлагаа шатлалын эмнэлгүүд ихээхэн ачаалал үүрсэн. Энэ оны хувьд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх жил болгон зарласан. УНТЭ-ийн хувьд уг зорилтыг бодит ажил болгох тал дээр анхаарч байгаа.
Нөгөөтэйгүүр энэ оны гуравдугаар сарын 01-ээс эхлэн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн төлбөрийн хэмжээг тогтоох ЭМДҮЗ-ийн шинэчлэгдсэн тогтоол хэрэгжихээр болж байна. Энэхүү тогтоол нь эмнэлгүүдийн үйл ажиллагаанд нэлээдгүй өөрчлөлт авчирна. Тиймээс бид тогтоолын хэрэгжилтийг хангах тал дээр бэлтгэл ажлуудыг хийгээд явж байна.
Түүнчлэн бид салбартаа ууган, түчээлэгч эмнэлгийн хувьд тусламж, үйлчилгээнийхээ төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ ондоо багтаан алло буюу цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ, зүрхний хэм алдагдлыг засах абляци, судсан дотуурх мэс заслын эмчилгээ болон хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэх, шинэ багаж төхөөрөмжүүдээ бүрэн ашиглалтад оруулах зорилттой ажиллаж байна.
Мөн энэ онд KPI систем буюу ажилчдын гүйцэтгэлд суурилсан үнэлгээг нэвтрүүлж, гүйцэтгэл сайтай эмч, эмнэлгийн ажилчид өндөр цалин, урамшуулал авдаг байх, гүйцэтгэл багатай нь бага цалин авдаг тогтолцоог нэвтрүүлэх гол ажил хийгдэнэ. Өөрөөр хэлбэл бид эмч, эмнэлгийн ажилчдынхаа хөдөлмөрийг бодитоор үнэлэх, бусад хөгжингүй орны адил үнэлүүлдэг болох эрүүл системрүү орж байна гэсэн үг.
-Гүйцэтгэлээрээ санхүүжих тогтолцоонд шилжсэнээрээ танай эмнэлэг ямар онцлох ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?

  • 2021 оны хувьд бид төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу ажиллахад багагүй бэрхшээлтэй байлаа. Ковид цар тахлын улмаас тусламж үйлчилгээндээ өөрчлөлт оруулах, олон удаагийн хөл хорионд эмнэлгийн тодорхой хэсгийг хаах, тусламж үйлчилгээний зарим хэсгийг зогсоох зэрэг гэнэтийн шийдвэрүүдийг гаргах шаардлага тулгарсан. Шилжилтийн хүнд хэцүү үед манай хамт олон өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас үйл ажиллагаагаа өргөжүүлж, ялангуяа мэс заслын тусламж, үйлчилгээг ард иргэддээ түлхүү үзүүлж ажилласны үр дүнд санхүүгийн хувьд харьцангуй амжилттай даван тууллаа.

Гэхдээ сайн менежмент хийж чадвал гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо илүү боломжийг бий болгоно гэдгийг бид олж харсан. Үүний тулд бид үргүй зардлаа бууруулах, эдийн засгийн хувьд ашигтай, шинэ технологид тулгуурласан тусламж, үйлчилгээнд анхаарч ажиллах шаардлагатай юм. Мэдээж өнөөг хүртэл үзүүлж ирсэн манай эмнэлгийн нэрийн хуудас болсон үндсэн тусламж, үйлчилгээгээ илүү сайжруулан ажиллахаар төлөвлөж байна.

-2021 онд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ачааллыг хэрхэн зохицуулж ажилласан бэ?

  • Өнгөрсөн оны хувьд манай салбарт маш өвөрмөц жил болж өнгөрсөн. Тухайлбал Ковид-19 цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, эмнэлгүүд ковидын ор дэлгэж ажилласан. Манай эмнэлэг бусад эмнэлгүүдээс хүндэрсэн, хамгийн хүнд тохиолдлуудыг нь хүлээн авч эмчилсэн. Мөн бид улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах, бөөрний дутагдал, чихрийн шижин, цусны хавдар зэрэг хүндэрч болох хавсарсан эмгэгтэй хүмүүст шуурхай тусламж, үйлчилгээг түлхүү үзүүлж эрсдлүүдэд үнэлгээ хийн ажилласан.

УНТЭ Ковидоос гадна үндсэн тусламж, үйлчилгээгээ орхигдуулалгүй бүхий л өвчний оноштой үйлчлүүлэгчиддээ халдварын дэглэмийг барин үйлчилсэн байна. Жишээ нь 31 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал, 23 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал, 8723 хүнд бусад мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж, 17,330 хүн хэвтэн эмчлүүллээ. Амбулаторийн тусламж, үйлчилгээний хувьд 254,239 хүнд тусламж үзүүлсэн тоо гарсан.

  • Энэ хүндхэн цаг үед эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг нэмэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх тал дээр ямар ажлуудыг амжуулсан бэ?
  • Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хамгийн их ачааллыг үүрч буй эмч, ажилчдынхаа цалин, урамшууллыг таслахгүй олгох, санхүүгийн хүндрэлтэй үеийг даван туулах зэрэг томоохон шалгуурууд тулгарсан ч бид хамт олноороо давж чадсан. Тухайлбал, бид 2021 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан нийт ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмсэн.
    Өнгөрсөн жил манай ажилчид улаан бүсэд удаан хугацаагаар ажиллаж, бусад тасаг нэгжүүд бусдыгаа нөхөж ачаалалтай ажилласан учраас илүү цаг, хандлагын нэмэгдэл зэргийг олгож болох дээд хязгаараар нь хасалтгүй олгохыг хичээсэн.

Манай эмч, ажилчид ковидоор өвдөх, хавьтал болох, эрсдэлтэй бүлгийн ажилчид гэрээр ажиллах үеүүдэд ч цалингаа хасалтгүй бүтнээр нь авч байсан. Өнгөрсөн оны хувьд 2020 онтой харьцуулахад нийт 5.5 тэрбум төгрөгийн цалин урамшууллыг илүү олгосон үзүүлэлттэй байна.

Мөн үүнээс гадна 2021 оны ажлаа дүгнэж, санхүүгийн тайлан балансаа бодсоны дараа энэ сард ашиг болох 1.6 тэрбум төгрөгөөс нийт ажилчиддаа бүтээмжийн урамшуулал болгож үндсэн цалинг 1.5 дахин бодож олгосон. Энэ бүх амжилтын үндэс нь эмнэлгийн байгууллагуудын гүйцэтгэлийн тогтолцоо, мөн эмнэлэг хагас бие даасан байдалд шилжиж, төлөөлөлөн удирдах зөвлөлтэй болж ажилласны үр дүн юм. Түүнчлэн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Худалдаа Хөгжлийн банктай хамтын гэрээ байгуулж, ипотекийн 6 хувийн зээлд 12 ажилтан, түрээслээд өмчлөх орон сууцны зээлд 14 ажилтнаа хамруулсан. Мөн УНТЭ-ийн ажилчдын зуслангийн 5 га газрыг шийдэж, энэ жилээс барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

-Танай эмнэлэг өнгөрсөн хугацаанд 100 хувь вакуумжуулсан мэс заслын өрөөнүүдийг ашиглалтад оруулсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдал, эмч ажилчдын ажиллах идэвхийг нэмэгдүүлэхэд эмнэлгийн дотоод орчин сайн байх хэрэгтэй. Манай эмнэлгийн үндсэн барилга 1971 онд баригдсан, улсын томоохон эмнэлгүүдээс бараг хамгийн өндөр насжилттай барилга. Гэсэн хэдий ч манай эмнэлэгт сүүлийн жилүүдэд засвар сайн хийсний дүнд эмнэлгийн өнгө төрх эрс сайжирсан. Бид өнгөрсөн жил мэс заслын нэгдсэн тасгаа бүрэн шинэчилж, орчин үеийн шаардлагад нийцсэн 100 хувь вакуумжуулсан мэс заслын өрөөнүүдтэй боллоо. Мөн хоёр ч томоохон тасгаа засаж, шинэчиллээ. Цаашид төлөвлөгөөний дагуу бүх тасаг, нэгжүүддээ иж бүрэн засварын ажлыг хийхээр төлөвлөж байна.

-Эрүүл мэндийн салбарын хөгжил нь шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхтэй салшгүй холбоотой. Өнгөрсөн жил танай эмнэлэг ямар технологиудыг шинээр нэвтрүүлсэн бэ?

-Эрүүл мэндийн яамны зүгээс ковидын цар тахалтай тэмцэж, маш завгүй ажилласан ч үндсэн тусламж, үйлчилгээг орхигдуулалгүй анхаарч ажиллаж байсан. Түүнчлэн эрүүл мэндийн сайдын шийдвэрээр УНТЭ-т нийт 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, уушиг зүрх орлуулах Экмо аппарат, үргэлжилсэн бөөр орлуулах CRRT, уушигны үйл ажиллагааг хянаж, дэмжих Пулмо виста зэрэг апратуудыг бүрэн суурилуулж өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Энэ хэрээр манай эмнэлгийн хүчин чадал сайжирсан гэж хэлж болно.

Мөн 128 зүсэлттэй шинэ СТ, зүрхний хэм алдагдлыг засах абляцийн лаборатори, ДНХ секвенсер – NGS, алло цусны үүдэл эс шилжүүлэн суулгахад чиглэсэн хепа фильтер бүхий хими эмчилгээний ариун тасаг, тоног төхөөрөмжүүд, мэдрэлийн мэс заслын орчин үеийн дуран, микроскоп, иж бүрдлүүд, чих хамар хоолой, урологийн мэс заслын багаж хэрэгслүүд, эрхтэн шилжүүлэх суулгах хагалгааны иж бүрэн шинэчлэл, эрчимт эмчилгээний шинэчлэл, уушиг болон ходоодны хэт авиан дуран, нарийн гэдэсний дуран гэх мэт маш олон шинэ технологийг улсын төсвийн санхүүжилтээр шийдэж, нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хэдийгээр манай эмнэлэг ТУЗ-тэй, гүйцэтгэлийн санхүүжилтээр ажиллаж байгаа хэдий ч ЭМЯ-аас шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, дэмжин ажиллаж байгаад туйлын баяртай байна.

Бид Монгол Улсдаа анх удаа найман шинэ технологийг нэвтрүүлж, мөн эмнэлэг дотроо дөрвөн шинэ технологийг нэвтрүүлж ажиллалаа.

-Цаашид ямар менежментээр ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Бид 2024 он хүртлэх стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд үндсэн гол зорилтуудыг хангахаар ажиллаж байна. 2025 онд манай эмнэлгийн 100 жилийн ой тохионо. Энэ түүхэн ойноос өмнө бид улсын эмнэлгүүдээс анхлан олон улсын эмнэлгүүдийн магадлан итгэмжлэл JCI авахаар ажиллаж байна.
Гүйцэтгэлийн санхүүжилтийн энэ цаг үед бид үйлчлүүлэгчдээ илүү өөртөө татахын тулд үйлчилгээний сайн менежментүүдийг нэвтрүүлэх болно. Бид ЭМД-аас орох орлогыг нэмэгдүүлэхээс гадна өөрсдийн менежментээр эмнэлгийн өөрийн эмийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, дэмжих төвийн урьдчилан сэргийлэх үзлэгийг нэмэгдүүлэх, эмч ажилчдынхаа хандлага, ёс зүйг дээшлүүлэх, үйлчилгээний соёлыг сайжруулах гэх мэт олон зүйл дээр анхаарч ажиллаж байна. Бид хөгжлийнхөө түүхэн цаг үеүүдэд анхдагч, манлайлагч байсаар ирсэн бөгөөд үе үеийн эмч нар, алдар цуутай доктор, профессоруудаараа бахархдаг. Бид маш хурдтай хөгжиж байна, цахим өөрчлөлтийн энэ цаг үед зөвхөн түүхээ яриад хол явахгүй. Өнөө цагт хамтран ажиллаж байгаа залуучууд бид маш хурдтай, бусдаас илүүг мэдэж, санаачилж, нэвтрүүлэн ажиллаж байж эмнэлгийнхээ байр суурийг бэхжүүлэх болно.

-УНТЭ нь улсын эмнэлгүүдээс анхлан ТУЗ-тэй болсон. Энэ нь үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна. ЭМЯ-тай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд ТУЗ-ийн гишүүд маань эмнэлгийн засаглалын шинэ тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид өмнө нь бүх төсөв, төлөвлөгөөгөө Сангийн яам, Эрүүл мэндийн яамаар батлуулдаг байсан, аливаа төсвийн өөрчлөлт тодотгол хийхэд их төвөгтэй, хугацаа алдах гэх мэт асуудлууд үүсдэг байсан бол одоо шаардлагатай үед ТУЗ-дөө мэдээгээ хүргэж, хуралдуулж үйл ажиллагаагаа батлуулж, дэмжүүлдэг болсон. Ингэсний дүнд өнгөрсөн жилийн хувьд бүх төсвөө батлуулж, цаг тухайд нь тодотгол хийлгүүлж, он дамнасан өрөө дарж, ажилчдынхаа цалин урамшууллыг нэмэгдүүлж, амжилттай ажиллаж чадсан. Мөн ТУЗ-д санхүүгийн чиглэлийн гишүүд байдаг тул байнга зөвлөгөө өгч, гүйцэтгэх удирдлагыг заан чиглүүлж байгаа гэж хэлж болно.
Хэдийгээр бид ТУЗ-тэй эмнэлэг хэдий ч ЭМЯ-ны харъяа эмнэлэг тул яамтайгаа нягт холбоотой ажиллана. ЭМЯ-ны бүх бодлогын шинжтэй ажлуудыг дэмжин хэрэгжүүлэх, үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой.
-Баярлалаа

Холбоотой мэдээ