
Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлын даргаар Д.Сумъяабазар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргаар Л.Оюун-Эрдэнэ ажилладгийг та мэдэх үү?
Юуны түрүүнд “Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл” ямар чиг үүрэгтэй ажиллаж, хэрхэн юу хийдэг талаар хүргэе.
Уг байгууллага нь хүүхдийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагуудад зөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих, идэвх оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, талуудын оролцоо, санал санаачлагуудыг дэмжих чиг үүрэг бүхий орон нутгийн зөвшлийн байгууллага юм. Хамгийн хачирхалтай нь уг зөвлөлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар удирддаг бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнийг төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эх, хүүхдийн төлөөллөөс бүрдүүлсэн байдаг аж.
Харин “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 48 дугаар тогтоолоор 32 гишүүн, дөрвөн дэмжигч гишүүнтэйгээр шинэчлэн байгуулж байсан.
Харин одоогоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж, дэд тэргүүнээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ажлын албаны даргаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга ажиллаж байхаар шийдвэрлэсэн байдаг.
Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа авснаасаа хойш нэг ч удаа Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг хуралдуулаагүй, 2022 оны ажлын төлөвлөгөөгөө гаргаагүй аж. Хүүхдийн төлөө дорвитой ажил хийж, хэрэгжүүлдэггүй тэд зөвхөн тайлан тооцооны гүйцэтгэлээр ажилчдаа үнэлж цалин өгдөг нь харамсалтай.
Гэтэл хөрсөн дээр хүүхдийн төлөө тэд юу хийв? Тэд үүнийг мэддэг болов уу? Эргэн сануулахад:
Өдрөөс өдөрт салалтаас болж 5,000-6,000 орчим хүүхэд өнчирч байна. Энэ хүүхдүүдийн 500 орчим нь бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн зонхилох хохирогч болж байна. 2016 оноос хойш жил бүр бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоо нэмэгдэж байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд 278 бага насны хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байна. Эдгээр хүүхдэд төр ямар үйлчилгээ үзүүлэв.
Хүүхэд хамгаалалд төсөвлөсөн 8.3 тэрбум төгрөгийн хэдээр нь 278 хохирогч хүүхдийн хэдэд нь эрүүл мэнд болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлсэн бол.
Хүүхдийн эрхийг зөрчсөн удаа дараагийн ноцтой хэргүүд гарч байна. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн дийлэнх нь цэцэрлэг, сургуулийн насныхан байна. Цаашилбал, 298 эх гэртээ төрж, төрөлтийн улмаас 63 нярай эндсэн байна. Үүн дээр анхаарч ажиллахгүй байгаа үнэхээр харамсалтай юм.
2020 онд цагдаагийн байгууллагад хүүхдийн байцаагчийн 103 орон тоо нэмэгдсэн. Гэсэн ч хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо жилээс жилд өссөөр байна. Хүүхдийн байцаагчийн орон тоо нэмэгдсэнээр үр дунгүй байгаа нь бас л харамсалтай.
Анхан шатны нэгж дээр 33,358 гэр бүлийн хүчирхийлэлтэй айл өрх байна гэдэг судалгаа гарсан байна. Энэ тооны цаана 150 гаруй мянган хүүхэд бий. Тэгвэл анхан шатны нэгжид ажиллаж байгаа нам дагасан “цүнх баригчид” энэ гэр бүлийн хүчирхийлэл дунд байгаа хүүхдүүдийн асуудлыг анхаарч байгаа юу гэдгийг эцэг, эх хүн бүр асуухыг хүсэж байдаг. Мөн хүүхэд хамгааллын 108 дугаарын үйлчилгээ жил ирэх тусам муудаж байгаа гомдол ч ихэссээр. Гэтэл программын шинэчлэл нэрээр их хэмжээний санхүүжилт авдаг гэх мэтчилэн маш олон асуудлуудыг дурдаад дуусахгүй.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ та, Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлын дарга Д.Сумъяабазартай хамтраад хүүхдийн төлөө ажиллахад тийм хүнд байна гэж үү? Та бүхэнд эрх мэдэл, хүч чадал дутлаа гэж үү?. Харин зөвхөн Монголын ирээдүй болсон бяцхан үрсийг эрүүл, аз жаргалтай байлгахад сэтгэл дутагдаж байгааг нуух юун..Та бүхэн суудалдаа үнэнч байж, эх орныхоо, ижий аавынхаа төлөө цохилох зүрх бүхний төлөө ажиллахыг хүсэж байна.
Эх сурвалж: Төр.мн
0 cэтгэгдэлтэй