ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР “ДҮЙЦҮҮЛЭН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ХӨТӨЛБӨР” ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2022-07-25 214 0

✅Монгол Улсын нийгэм, эдийн засгийн гол тулгуур хүч, нийгмийн хариуцлагын өндөр жишиг тогтоогч үйлдвэрийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улс орны хөгжилд олон талын хөрөнгө оруулалт, дэмжлэг туслалцааг үзүүлсээр ирсэн. Нийгмийн хариуцлагаа загвар манлайлал болгож, тус үйлдвэр “Дүйцүүлэн нөхөн сэргээлтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохих журам, холбогдох хууль тогтоомжийн дагуу “Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв” төслийн бүтээн байгуулалтыг дэмжин, дүйцүүлэн нөхөн сэргээлтийн хөтөлбөрт тусгагдсан ажлын зардлаасаа хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байв.

✅Манай улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн замнал, нөгөө талаас эх дэлхийгээ шүтэн дээдэлж, баялгийг нь хүртэж ирсэн Монголчуудын уламжлалт зан үйлийг хадгалах зорилгоор Хэнтий аймгийн Бэрхийн жоншны далд уурхайд хийгдэх эл төслийн гадна талбайн тохижилт, лус савдгийг захирагч “Очирваань бурхан” бүтээж, уурхайчдадаа хүндэтгэл үзүүлэхээр зорьсон.

✅Бэрхийн уурхай нь манай улсын жоншны анхны уурхай бөгөөд уул уурхайн үе үеийн зүтгэлтнүүд, нэрт эрдэмтэд, инженерүүд бэлтгэгдэж ирснээрээ энэ салбарын мэргэжлийн том төв, бааз суурь болдог. Тиймээс энд уурхайчдын залгамж халааг тасралтгүй бэлтгэх, уул уурхайн нарийн мэргэжлийн боловсон хүчин, оюутан залуучуудад сургалт, судалгааны бааз, аялал жуулчлалын төв байгуулах зорилтын хүрээнд тус төслийн нэгж байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа юм.

✅“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дээрх бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зөвшөөрлийг Сангийн яам, ТӨБЗГ-аас авч зохион байгуулж байв. Үүнээс гадна Дүйцүүлэн нөхөн сэргээлтийн хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 2000 га талбай бүхий хууль бус олборлолтоос үүдэлтэй эвдэрсэн газруудад техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийнэ. Энэ ажлыг 2022-2024 онд хийж дуусахаар төлөвлөн ажиллаж байна.

Холбоотой мэдээ