ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН НОГООН ХӨГЖИЛ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ОЙЖУУЛАГЧ, ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭГЧДИЙГ БЭЛТГЭЖ БАЙНА

2022-10-18 76 0

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр нэгдэж, 100 сая мод тарьж ургуулахаар зорилт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд Ногоон хөгжил төсөл хэрэгжүүлж, дэргэдээ Ойн генетикийн нөөцийн төв байгуулсан. Ногоон хөгжил төсөл нь мод үржүүлэг, хөрс боловсруулалт, нөхөн сэргээлт зэрэг ойн иж бүрэн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ энэ чиглэлийн мэргэжлийн ажилчин, боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч байна. Төслийн нэгжийн санаачилгаар мэргэжлийн ойжуулагч, цэцэрлэгжүүлэгч бэлтгэх  сургалтыг “Цэцгийн гайхамшиг” төвтэй хамтран эхлүүллээ. Сургалтад эхний ээлжинд ШШГЕГ-ын ажилтан, хүмүүжигч нарыг хамруулан, ойн мэргэжлийн чиглэлээр ойлголт, мэдлэг олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, сургалтад хамрагдсанаар ой хамгаалах, нөхөн сэргээх, модлог ургамлыг үржүүлэх, арчлах, үр мөчир бэлтгэх, тарих, хөрс боловсруулах, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж байгуулах арга барилд суралцаж, мэргэжлийн сертификаттай болох юм. 

Ойжуулагч, цэцэрлэгчдийн мэргэжил олгох сургалтыг  Хөдөө аж ахуйн Зөвлөх багш Н.Дарьсүрэн болон Ногоон хөгжил төслийн нэгжийн мод үржүүлэг хариуцсан ойн инженер Э.Очирсүрэн, хөрс хариуцсан ойн инженер Г.Чинзориг, Р.Энхболд, С.Идэр, ландшафт инженер Б.Тулга нар “Ойжуулалт, мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн арга технологи” сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ойн генетикийн нөөцийн төвөөс мэргэжлийн ойжуулагч, цэцэрлэгжүүлэгчдийг бэлтгэх сургалт, дадлагыг үе шаттай тасралтгүй үргэлжлүүлэхээр төлөвлөж буйг тус төвийн ажилтан Э.Янжиндулам онцоллоо.  

Холбоотой мэдээ