ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛЭЭ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2022-10-18 71 0

Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжиж баталснаар ирээдүйн 15 жилд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр тодорхой болсон. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон үндсэн чиглэлээ тав, таван жилээр багцлан төлөвлөж, амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Уул уурхайн үйлдвэр оршин тогтнохын үндэс болсон эрдэс баялгийн нөөц өсгөх ажилд сүүлийн таван жилд 30 орчим сая ам.доллар зарцуулж, геологи хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлсний үр дүнд 2021 оны байдлаар 2.9 тэрбум тонн хүдрийн нөөцтэйг шинэчлэн тогтоож, Монгол Улсын Эрдэс баялгийн нөөцийн нэгдсэн санд 12 дугаар сарын 10-ны өдөр бүртгүүлэн баталгаажуулав. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр батлагдсан нөөцийн хүрээнд өнөөдрийн хүчин чадлаар цаашид 60-70 жил ажиллах боломжтой болсон юм. Мөн хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрт өргөтгөл, шинэчлэл хийж, хүчин чадлаа нэмэгдүүлэн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр шинээр барилаа. Одоо Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл хэрэгжиж байна. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэл, Исэлдсэн болон ядуу агуулгатай зэсийн хүдрийг нуруулдан уусгах (SX-EW) технологиор боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэх, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслүүд хэрэгжүүлэхээр ТЭЗҮ боловсруулан гадны компаниудтай хамтран ажиллаж байна. Эдгээр төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр эрдэс баялгийн нөөц өсөж, ашиглалтын хугацаа уртасч, техник, технологийн шинэчлэлээр дэлхийн жишигт хүрч, үйлдвэрийн өрсөлдөх чадвар өсөн  нэмэгдэн цаашид урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх юм.

Холбоотой мэдээ