Хятадын дипломат бодлогын тэргүүнээр Ван И томилогдох магадлалтай болжээ

2022-10-24 179 0

БНХАУ-ын гадаад хэргийн сайдаар олон жил ажилласан Ван И энэ удаагийн намын их хурлын халаа сэлгээний үр дүнд тус улсын дипломат бодлогыг тодорхойлох дээд албан тушаалд томилогдох магадлалтай болжээ.

Тэрбээр одоо гадаад хэргийн сайд, төрийн зөвлөлийн гишүүний албыг давхар хашдаг ч Хятадын дипломат бодлогыг тодорхойлдог гол хүн нь Төв Хорооны Гадаад Харилцааны газрын захирал Янь Жиечи юм.

Өчигдөр өндөрлөсөн их хурлын дараа Янь Жиечи улс төрийн товчооны гишүүнээс чөлөөлөгдсөн байна. Түүнийг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүнийг гадаад хэргийн сайд Ван И гэж ажиглагчид үзэж байгаа юм.

68-аас дээш насалсан Хятадын удирдлагууд таван жил тутамд болдог намынхаа их хурлын дараа тэтгэвэртээ гардаг уламжлалтай. Янь Жиечигийн хувьд энэ жил 72 настай юм.

Харин Ван И энэ сарын эхээр 69 нас хүрчээ.

Ван И анх япон хэл судлаачаар Хятадын гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн гэдэг.

2004-2007 онуудад тэр Япон улсад элчин сайдаар ажиллаж байжээ. Гадаад харилцааны сайдаар 2013 оноос хойш ажиллаж байна.

Янь Жиечигийн хувьд Хятадын гадаад бодлогын онолыг тодорхойлж, Ван И түүнийг нь бодит амьдрал дээр хэрэгжүүлдэг байв.

Ван Игийн суудлыг авах хамгийн өндөр магадлалтай хоёр хүнд АНУ дахь Хятадын элчин сайд Чин Ган, Үндэсний Аюулгүй Байдлын Хорооны дэд захирал Лю Хайшинь нарын нэр яригдаж байна.

Хятадын дипломат үйл ажиллагаанд тохиох дараагийн том үйл явдал ирэх сард Индонез улсад зохион байгуулагдах Их 20-ын дээд чуулга уулзалт юм.

Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай нүүр тулан уулзах эсэх асуудал эргэлзээтэй хэвээр байна.

Холбоотой мэдээ