Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан боллоо

2022-11-08 48 0

Засгийн газрын 2022 оны 371 дүгээр тогтоолоор байгуулагдсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны хоёрдугаар хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, үндэсний хорооны дарга, Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, БОАЖ-ын сайд, үндэсний хорооны дэд дарга, Б.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Цахим хөгжлийн сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Монголын аялал жуулчлалын холбоо, салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, хэд хэдэн асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийллээ.

Хуралдааны эхэнд, Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс Монгол Улсын аялал жуулчлалыг олон улсад сурталчлах маркетинг төлөвлөгөө, 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан холбогдуулан манай улсын аялал жуулчлалыг дэлхийн олон улсад илэрхийлэх “Түлхүүр үг” түүнийг сурталчлан таниулах танилцуулгыг “Брэйнсторм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Одбаяр, “Нэг сая жуулчин хүлээн авахад Монголын олон улсын тээвэр, боомтуудын бэлэн байдлын боломж, шийдэл зэрэг сэдвээр холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл танилцуулга хийлээ.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Монголын Улсын Засгийн газраас онцгойлон анхаарч байгаа төдийгүй төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд ирэх жилүүдэд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлээд байгааг хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглээд, Засгийн газраас шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай авч ажиллана гэсэн юм. Түүнээс гадна энэ удаагийн хуралдаанд оролцогчдын зүгээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр дараах хэд хэдэн асуудлыг дэвшүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эн тэргүүнд тус салбарын эрх зүйн орчныг Ковид цар тахлын дараах нөхцөл байдалд уялдуулан шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг хөндөж байлаа.

Мөн Монгол орныг зорих гадаад жуулчдад цахимаар виз олгох цар хүрээг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалд түшиглэн богино зайд хямд үнэтэй бүсийн нислэг үйлдэх, нислэгийн давтамж, суудлын тоо хязгаарлалтыг цуцлах, агаарын тээврийн либералчлалд дорвитой алхам хийх, олон улсын жишиг, стандартад нийцсэн нисэх онгоцны буудлын тоог нэмэгдүүлэх, нислэгийн тийзийн үнээс НӨАТ-ыг хасах, зочид буудал, үйлчилгээний салбарын стандартыг шинэчлэн мөрдүүлэх, үйлчилгээний салбарын ажил, мэргэжлийн индексийг эргэн харах зэрэг асуудлыг оролцогч талуудын төлөөлөл хөндөж байв.

Түүнчлэн үндэсний хорооноос баталсан тогтоол, шийдвэрийг ажил хэрэг болгох дэд ажлын хэсгүүд байгуулагдан аялал жуулчлалын салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулахаас ажлаа шуурхайлахаар боллоо.

Холбоотой мэдээ